Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро эрчим хүч хэмнэх зорилгоор долоо хоногт ажлын дөрвөн өдөртэй байх шийдвэр гаргаад байна. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн ирэх тавдугаар сарыг дуустал баасан гаригийг ийнхүү амралтын өдөр болгон зарлаж байгаагаа тэрээр мэдэгдсэн юм.
Энэ 60 хоногийн төлөвлөгөө нь \”улс орныг амаргүй хүнд үеийг бага эрсдэлтэйгээр даван туулах боломж олгоно\” хэмээн Венесуэлийн Ерөнхийлөгч үзэж байгаа гэнэ. Энэ шинэ төлөвлөгөөний дагуу зочид буудлууд болон худалдааны төвүүд өдөрт 9 цаг өөрсдийн цахилгаан үүсгүүрээ ашиглаж байх үүрэг хүлээж байна. Мөн хүнд аж үйлдвэрийнхэн эрчим хүчний хэрэглээгээ 20 хувиар бууруулах ёстойг Ерөнхийлөгч Мадуро мэдэгджээ. Одоогоор ажлын өдрийн тоог бууруулах энэ шийдвэрийг нь хувийн хэвшлийнхэн дагаж мөрдөх ёстой эсэх нь тодорхойгүй байна.
Венесуэлийн нийслэл Каракас хотын эрчим хүчний 75 хувийг Гури усан цахилгаан станцаас хангадаг юм. Гэвч ган гачгаас болж усны түвшин эрс буурч эрчим хүчний үйлдвэрлэл буурахад хүрчихээд буй юм байна. Мөн дэлхийн зах зээл дээрхи нефтийн үнийн уналт тус улсад хүндхэн тусч байна. Өнгөрсөн онд л гэхэд Венесуэлд инфляцийн түвшин нь 180 хувьд хүрч үүнээс болж Ерөнхийлөгч Мадуро онц байдал хүртэл зарлаж байсан. Эдгээр шалтгаантай холбоотойгоор Венесуэлд эрчим хүч хэмнэх эрс арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрчээ.
Эх сурвалж: mnb.mn