Нийгмийн сүлжээгээр хуурамч хаяг ашиглан иргэд, байгууллагыг залилан мэхлэх хэрэг сүүлийн үед нэг бус удаа гарчээ. Гэмт этгээдүүд залилан мэхлэх үйлдлээ банк бус санхүүгийн байгууллага зэрэг Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалт бүхий, албан ёсны тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн нэрийг барьж гүйцэлдүүлж байгаа аж.
Тэд иргэдийн итгэмтгий, мэдээлэлгүй байдлыг ашиглан “Барьцаагүй зээл олгоно” гэх мэтээр хууран, зээлийн шимтгэлийн урьдчилгаа нэрээр нэлээд хэмжээний мөнгө дансаар шилжүүлэн авсан байна. Иргэдийн гомдол, мэдээлэлд үндэслэн гэмт хэргийг хууль хяналтын болон холбогдох эрх бүхий байгууллагын төлөөлөл шалгаж эхэлжээ.
Иймээс зээл авахдаа тухайн байгууллагын тусгай зөвшөөрөл, холбогдох бичиг баримтыг сайтар нягтлах шаардлагатайг Санхүүгийн зохицуулах хорооноос сануулав. Мөн зээлийн шимтгэл, урьдчилгаа болон бусад шаардлагатай мөнгийг үл таних этгээдийн дансанд магадлалгүй, баримтгүй шилжүүлэхгүй, хуурамч мэдээлэлд автан эд хөрөнгөөрөө хохирохгүй байхыг иргэдэд сэрэмжлүүллээ.