1960 онд Пак Чон Хиг цэргийн эргэлтээр Ерөнхийлөгч болоход Солонгосын эдийн засаг Америкийн цэргийн бааз байрласны тусламжаар амьдардаг, иргэний дайнд сульдсан, үндэстнийхээ хувьд ирээдүйдээ итгэх итгэлгүй үндэстэн байлаа. Улс орныхоо төлөө сэтгэлтэй, алсыг хардаг нэг бие хүн, удирдагч ямар нөлөө үзүүлж чаддагийн бодит жишээг Пак Чон Хи Ерөнхийлөгч Солонгосын ард түмний өмнө, дэлхий нийтийн өмнө харуулсан юм.
Олон зоримог, шийдмэг арга хэмжээнүүд авч явуулж байсны нэг нь НЭГДҮГЭЭРТ ЭКСПОРТ бодлого байжээ. Тухайн үед БНСУ усан онгоцны үйлдвэр байгуулж Вьетнам руу 8 онгоц нийлүүлж, энэ мөнгө нь шилжиж орж ирэхэд банкны хуулга барьсан нэгэн олон км газар гүйж ирэн, баярт мэдээ дуулгаж, хүмүүс баярласандаа уйлалдан нэг нэгнээ тэвэрч байсан гэдэг.
Хүрэхэд хэцүү өндөр зорилгыг зоригтойгоор тавьж, хэрэгжүүлснээр 1970 он гэхэд экспортын хэмжээ 1 тэрбум америк доллар болж 100 дахин нэмэгджээ. 10 жилийн дотор 100 дахин нэмэгдэнэ гэдэг бараг л боломжгүй мэт. Гэхдээ зориод, улс үндэстнээрээ НЭГЭН ЗҮГТ зүтгэж чадвал хүршгүй зорилго, биелшгүй даваа гэж байдаггүй ажээ. Өнөөдөр Өмнөд Солонгосын экспортын хэмжээ 500 тэрбум ам.доллар.
Харин Монгол Улс импортыг л нэгдүгээрт тавиад байх шиг. Уг нь \”импортыг орлох бүтээгдэхүүн\” уриатай том том арга хэмжээнүүдийг зохион байгуулж, жижиг дунд бизнес эрхлэгчиддээ зээл тусламж олгож байгаа гэдэг ч яг эзнээ олж, дэлхийд гаргах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чадахгүй байна уу гэх хардлага төрдөг. Мөн нэг биш нэлээд хэдэн толгой асуудлыг шийдвэрлэж, ихэнх нь эх орондоо бус өөрийн хэтэвчиндээ захирагдаж, шийдвэр, тогтоолууд гаргадаг болохоор миний эх орны хөгжлийн зам бүрхэг л харагдаад байх юм.
Амар