Тайландад зам тээврийн ослын тоог бууруулахын тулд нэгэн сонирхолтой журам нэвтрүүлэхээр болсон байна. Шинэ журмын дагуу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад саатуулагдсан жолооч нарыг морг буюу цогцос хадгалах газарт албадан хөдөлмөр эрхлүүлэхээр болжээ.
Өмнө нь тус улсад согтуу жолооч нарт зам тээврийн ослоос гарах үр дагавар, хор уршгийг ойлгуулахын тулд ослын газарт ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдэд туслах ажлыг албадан хийлгэдэг байсан ч дорвитой нөлөө үзүүлэхгүй байна гэж Тайландын эрх баригчид үзсэнээс согтуу жолооч нарт оноох хариуцлагын хэмжээг хүндрүүлж, цогцос хадгалах газарт албадан ажил хийлгэх шинэ журам гаргахаар шийдвэрлэсэн байна.
Согтуугаар жолоо барьсны улмаас зам тээврийн осол гарч, хүний амь нас эрсдэх аюултай гэдгийг жолоочдын ой тойнд үлдээх боломж нэмэгдэнэ гэж Тайландын эрх баригчид тайлбарлаж байна. Тайландад хонины орд эхлэх үеийг угтан 4-р сарын 13-наас 15-ны хооронд Сонгкран гэх наадмыг тэмдэглэдэг бөгөөд энэ цаг үетэй давхцуулан Тайландын эрх баригчид дээрх журмыг нэвтрүүлсэн аж.