Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар /ШӨХТГ/-аас өнөөдөр шатахууны үнэ болон кабелийн үйлчилгээ үзүүлдэг компаниудтай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.
Хэвлэлийн бага хуралд ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр оролцож, мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр \”Манай байгууллагаас гаргасан судалгааны дагуу Улаанбаатар орчмын ШТС-ууд шатахууны үнээ 50-100 төгрөгөөр буулгах бололцоотой байгааг олж тогтоосон.
Монголд шатахуун импортолж байгаа байгууллагад хоёр том холбоонд хуваагддаг юм байна. Нэг нь Нефть, Хийн Үндэсний ассоциаци, нөгөө нь Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо. Энэ холбоодын удирдлагуудтай бид уулзсан.
Холбоодын удирдлагууд бидэнтэй уулзахдаа шатахууны үнэ бодитоор буурах бололцоотой гэсэн. Хамт уулзсан хувийн байгууллагууд ч бололцоотой гэдгийг хэлсэн байгаа.
Улаанбаатарын орчимд үйл ажиллагаа явуулж буй 12 компанийн дөрөв нь өнөөдөр шатахууны үнийг бодитойгоор буулгасан. Тэд литр тутмын үнийг 50-120 төгрөгөөр буулгаад байна. Жишээ нь Улаанбаатар \”Мон суль” \”Петрожамп”, \”Тэс петролиум”, \”Шижир ойл” компаниуд үнээ буулгасан байна.
Энэ бол төр, хувийн хэвшил хамтран ажиллаж болдог, ард түмэндээ хямд үнээ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үзүүлж болдог гэдгийн том нотолгоо юм.
Үүний эсрэг Газрын тосны газраас тодорхой мэдээлэл хийсэн. Энэ мэдээлэлтэй холбоотой бид хариу хүсэх албан бичиг явуулсан. Энэ албан бичгийн зорилго нь та бүхэн манай байгууллагын дүгнэлтийг няцааж байгаа бол үүний эсрэг өөрсдийн судалгаа, тооцоог ирүүлнэ үү гэсэн байгаа.
Одоо \”Петровис”, \”Шунхлай”, \”Магнай Трейд”, \”Сод Монгол” зэрэг томоохон ААН-үүдийн шатахууны үнийг бууруулах шаардлага гарч байна.
Эдгээр нь дээр дурдсан дөрвөн ААН-үүд шиг шатахууны үнээ буулгах юм бол Улаанбаатар хотын орчимд байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 10 хүртэл хувиар буурах бололцоотой.
Тийм учраас дээрх ААН-үүд үнээ бууруулахыг уриалж байна” гэв.