АСЕМ-ын дээд түвшний уулзалтын хүрээнд зохион байгуулах Ази, Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалт дөрөвдүгээр сарын 21,22-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Уулзалтад өнөөдрийн байдлаар 23 орны 100 гаруй парламентын гишүүд оролцох төлөвтэй байгаа гэнэ. Эдгээр төлөөлөгчдөөс 3-5 орны УИХ-ын дарга болон зургаан орны УИХ-ын дэд дарга хүрэлцэн ирэх аж.
Иймд Хотын захирагч Э.Бат-Үүл захирамж гаргаж нийслэлд ирэх зочид төлөөлөгчдийн аюулгүй байдал, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор энэ сарын 21, 22-ны өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулжээ.
Мөн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний Пүрэв гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн, 2016 оны 04 дүгээр сарын 22-ны Баасан гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаас баталсан хязгаарлалтын бүс болон Наадамчдын гудамж, Дүнжингаравын гудамжны Төв аймаг руу салдаг уулзвараас Их тэнгэрийн уулзвар хүртэлх замд 08:00-20:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлахаар болсон байна.
Энэхүү хязгаарлалтад зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын, нийтийн үйлчилгээний том оврын автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл болон хойшлуулшгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэл хамаарахгүй.
Түүнчлэн 2016 оны 04 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд хязгаарлалт тогтоосон гудамж, замуудад хүнд даацын ачааны автомашин /10 тонноос дээш/-ыг 06:00-22:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохыг түр хориглох аж.
ЗОХИЦУУЛАЛТАНД ХАМРАГДАХ ТОМООХОН ЗАХ, ХУДАЛДААНЫ
ТӨВҮҮДИЙН ЦАГИЙН ХУВААРИЙН ӨӨРЧЛӨЛТ
Эх сурвалж www.wikimon.mn