\”Хатан Туулаа хамгаалах” үндэсний хөдөлгөөнийхөн Нийслэлчүүдийн ундны ус болох Туул голд аюул нүүрлэж байгаа тухай эрх баригч нарт хандах болсон. УИХ-ын ээлжит сонгуульд хэрхэн оролцохоо мэдэхгүй ид бужигнаж буй эрх баригч нарын анхаарлыг Туул голын амь аврахаар Ордны гадна цугласан тэмцэгчид татсан бололтой. Учир нь өнөөдөр Усны Жагар , Ураны Ганбаатар нар Хан-Уул дүүргийн 12, 13, 14, 4, 11,, 1 дүгээр хорооны иргэдтэй хамтран УИХ-ын дарга З.Энхболдод хаягласан шаардах бичгийг хүргэхээр Төрийн ордны баруун хаалга дээр жагссан юм. Улмаар тэдний шаардах бичгийг холбогдох албаныхан хүлээн авсан байна. Түүнчлэн Туул голоо аврах тухай тус хөдөлгөөний уриалгыг нэр бүхий 9 гишүүнд гардуулан өгсөн аж. Тодруулбал эх оронч гэх УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, С.Ганбаатар, З.Баянсэлэнгэ , Н.Алтанхуяг , Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Х.Баттулга, Ж.Батзандан , Н.Батцэрэг нарт хаягласан уриалга эзэддээ хүрсэн байна.
Туул голын эрэг дагуу үйл ажиллагаа явуулж буй хайрга дайрганы лиценз, газар эзэмших, ашиглах эрхтэй аж ахуйн нэгжүүдийн хууль бус олборлох эрхийг цуцлаж өгнө үү гэсэн утга бүхий уриалгыг дээрх нэр бүхий гишүүдээр дамжуулан 2016.04.21-ний УИХ-ын ээлжит чуулганаар оруулж хэлэлцэхийг хүссэн аж.