ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгу Арктикт зочиллоо
2016 оны 4 дүгээр сарын 18-нд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу оросын хамгийн хойд цэгүүдийн нэг болох \”Земля Александры\” арал дээр баригдаж буй цэргийн зориулалттай барилга, байгууламжийн барилгын явц, чанар байдалтай танилцах, тэнд буй түшиц газрын боломжийг газар дээр нь судлах зорилгоор хүрэлцэн очжээ. Энэ арал нь \”Земля Франца-Иосифа\” бүлэг арлын нэг нь юм. \”Земля Александры\” арал нь хойд туйлаас ердөө 500 км зайтай тул
тэнд буй цэргийн салбарыг оросын хамгийн хойд зүгт байрлаж буй цэргийн баазад тооцож болно.
2014 оны 11 дүгээр сараас эхлэн уг арал дээр Хойд флотын агаарын довтолгооноос хамгаалах дивизийн нэг салбар байлдааны үүрэг гүйцэтгэж эхэлсэн байдаг. Уг салбарын зэвсэглэлд 420 км-ийн цаана буй \”бай\”-г илрүүлэх хүчин чадалтай \”Сопка-2\” загварын радиолокацийн станцыг ашиглаж байна. Одоогийн байдлаар салбарын бие бүрэлдэхүүн түр байранд амьдарч байгаа ба удахгүй шинэ байрандаа шилжиж орох юм.
Арал дээр 36 хүнд зориулсан гурвалжин хэлбэртэй, 14 мянган кв/м талбай бүхий цогцолбор барилгыг хэт хүйтэн орчинд тэсвэртэй тусгай материал ашиглан барьж байгаа ба ажлын явц 80 хувьтай байгаа гэнэ. Уг цогцолборт зориулсан дэд бүтцийг аль хэдийнээ барьж бэлэн болгожээ. Үүнд түр нисэх буудал, амьдрах болон ажлын байрууд, цахилгаан станцын байр, цэвэр усны болон бохир ус хурааж/цэвэршүүлэх байгууламж, агуулах, инженерийн шугам сүлжээ, дулаан гараж, дулааны байр болон тэднийг холбосон тусгай коридориуд зэрэг багтаж байна. Одоогийн байдлаар арал дээр 70 гаруй барилга, байгууламж ид баригдаж байгаа ба бүгдийг нь энэ онд багтааж ашиглалтад өгөхөөр ажиллаж байна. Энэ бүх барилга, байгууламжийн ажлыг оросын засгийн газрын \”Спецстрой России\” тусгай агентлаг гүйцэтгэж байна юм.
Уг агентлаг нь арктикийн бүсэд үүрэг гүйцэтгэж буй оросын цэргийн бие бүрэлдэхүүнд зориулан 600 гаруй объект бариад байгаа гэнэ.
Цаашид арал дээр байнгийн ажиллагаатай нисэх онгоцны буудал барих, радиолокацийн салбарт зориулсан зам, нисэх онгоц чиглүүлэгчийн пункт бусад туслах замууд барихаар төлөвлөж байна. Энэ бүгд баригдаж дуусангуут, ойрын ирээдүйд уг арал дээр 4 нэгж \”Су-34\” сөнөөгч-бөмбөгдөгч онгоцыг байнга байрлуулахаар төлөвлөж байгаа мэдээ бий.
Р.Энхболд