Фэйсбүүк бидний өдөр тутмын хэрэглээ гэхээсээ илүүтэй бие биедээ мэдээлэл дамжуулах, бусдад түгээх хамгийн энгийн, хэрэглэхэд хялбар хэрэгсэл аль хэдийнэ болсон. Энэ ч утгаараа бидний ихэнх нь фэйсбүүкээс ертөнцийн сонин хачин, хов жив гээд чамгүй их зүйлсийн талаар мэдэж, инээд хөөр, уй гашуутай буйгаа бусадтай хуваалцах боломж бүрдэж байна гэхэд хилсдэхгүй. Тэгвэл бид өөрсдийн фэйсбүүкт аливаа зүйлийг зүгээр нэг нийтлээд өнгөрөх бус түүнээсээ ашиг хүртэн, мөнгө олох боломж бүрдэж магадгүй байна.
Фэйсбүүк компанийн зүгээс шинээр хэд хэдэн цэс нээхээр төлөвлөж, баталгаажсан эрхтэй хэрэглэгчид рүү \”Хуудсаа ашиглан мөнгө олох боломжийг сонгох уу” хэмээх санал асуулга явуулж байгаа гэнэ. Хэрвээ судалгааны дүн эерэгээр гарвал хэрэглэгчид фэйсбүүк хаягаараа дамжуулан захиалгат зар сурталчилгаа, хандив цуглуулах үйл ажиллагаа, эсвэл албан ёсны контент гэх мэт зүйлсийн зүйлсээ уншиж буй хүмүүст ойлгогдохоор байршуулна. Харин тухайн хэрэглэгчийн найзууд түүнд хандив өгөх боломж бүрдэнэ.
Түүнээс гадна тасалбар худалдан авах, санал болгосон үйл ажиллагаанд хамтран оролцох гэх мэт цэсүүд ч фэйсбүүкт шинээр нэмэгдэж буй. Ийнхүү шинэ цэсээр дамжуулан хэрэглэгчид илүү хурдан, нээлттэй аргаар бусдаас мөнгө цуглуулах боломж нээгдэх аж. Хүмүүс фэйсбүүкийн хэрэглээнээс болж хийж бүтээх нэлээдгүй цаг хугацааг алдаж байна гэж зарим хүн шүүмжилдэг. Харин энэ төсөл хэрэгжвэл тэдний шүүмжлэл өөр зүйлд чиглэх нь тодорхой.
эх сурвалж: eagle.mn