Нийслэлийн Налайх дүүрэгт 2018 оны наймдугаар сарын 31-ний өдөр хувиараа нүүрсний цооног гаргаж байсан 17- 41 насны дөрвөн залуу хордож нас баржээ. Тус цооногийн ойролцоох Тоосгоны үйлдвэрийн манаач “Өглөө уурхайд ажиллаж байсан хоёр хүн харагдахгүй байна” гэсэн дуудлагыг Налайх дүүрэг дэх ОБЕГ-ын Аврах тусгай ангийн харьяа уул уурхайн аврах ангид 20.30 цагийн орчимд өгчээ.
Дуудлагын дагуу аврагчид гарахад бороо орж байсан бөгөөд ослын газарт очиход нүүрсний ам нээхээр газар ухаж байсан 17, 20, 23, 41 настай дөрвөн залуу хорт хийнд хордож нас барсан байжээ. Нүхэнд нүүрс хүчлийн дутуу исэл маш өндөр байсан хэмээн аврагчид мэдээлэв. Ослын газарт ирсэн эмч мэргэжилтнүүд энэ хүмүүс нас бараад 2-3 цаг болсон байна гэж дүгнэсэн хэмээв. Уг хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байна.