Америк оронд сая сая жуулчдыг татдаг Grand Canyon үндэсний дархан цаазат газартай адилхан газар Монгол нутагт минь бас бий. Говийнхны нэрлэдгээр “Үхлийн хөндий” буюу Хэрмэн цав.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвөөс баруун хойш 10 км, Хонгорын элснээс 250 км зайд оршино. 10 км гаруй урт, адаг хэсэгтээ 10 км өргөн, зарим газартаа 100-200 метр гүн жалга ганга юм. Хэрмэн цавын талбай нь 250 км.кв орчим. Хүн малын бараа харагдахгүй, булаг шандны усан сангүй, хув хуурай эл газар эртний далай тэнгисийн ёроол дахь уулархаг дов толгод, жалга хөндийн шинжийг агуулсан байдаг.
Хэрмэн цав руу орох “хаалга” хоёр байдаг бөгөөд төөрөхөд амархан, зун зарим үед 40 хэм хол давж халуун болдог, усгүй хуурай тул хэрвээ дотор нь ороод төөрвөл харангадаж үхэх аюултай. Хачин сонин, этгээд хэлбэртэй улаан шавар бүхий цонж, цавууд нь орчин үеийн авангард дүрслэлийг санагдуулна.
Усгүй боловч 1 метр хүртэл өндөр бургаснууд ургадаг, Монгол орны хамгийн том гүрвэл болох замба гүрвэл нэлээд тааралдана.
Дээд цэрдийн галавын хурдас бүхий эл газраас тернозавр, тарбозавр, эвэрт үлэг гүрвэл, пинакозавр гэх мэтийн үлэг гүрвэлийн яснууд нэлээд олдсон учраас дэлхийн палеонтологийнхон дунд “алдартай”.
Ч.Буянбадрах
Олон улсын Аялал жуулчлалын хөгжлийн төв