Монгол улсын Гавьяат жүжигчин, Зууны манлай дуучин Б.Сарантуяа ОХУ-ын Сахагийн БНУ-ын Якутск хотноо өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Поп хатагтай Сараа энэ үеэр Якутскт ээжийнхээ гэрээслэлийг биелүүлэхээр ирсэн гэдгээ хэлсэн байна. Түүний ээж Монгол улсын гавьяат багш, Алтан гадас одонт, Татьяна Иннокентьевна Михайлова өнгөрсөн наймдугаар сарын 4-нд тэнгэрийн оронд одсон бөгөөд Б.Сарантуяа ээжийнхээ чандрыг төрсөн нутаг Якутын Горный улус дүүргийн Мытах тосгонд нь оршуулах зорилготой ирсэн байна. Татьяна Иннокентьевна Эрхүүд оюутан байхдаа монгол оюутантай гэрлэснээр Монгол Улс түүний хоёр дахь эх орон болсон ба гэвч тэрээр амралтаараа төрсөн нутагтаа байнга ирж амардаг байжээ.
Б.Сарантуяа хэвлэлийн хурал дээр ээжийнхээ Монгол дахь ажил, амьдралын талаар “Бид ах дүү гурвуулаа байсан ч харамсалтай нь ах минь эрт залуудаа нас барсан. Аав маань инженер хүн байсан. Бас л эрт нас барсан. Ээж минь хүүхдүүдээ англи, орос хэлтэй болгож, эрдэм номтой хүн болгож өсгөсөн. Энэ бүхэн бол ээжийн минь ач гавъяа байсан. Ээж минь Монголын маш олон хүүхдэд орос, англи, герман хэл заасан. Шавь нар нь түүнийг их хүндэлдэг байсан” гэж дурссан байна.
Тэрээр мөн хэвлэлийн хурлын үеэр өөрийнхөө яаж дуучин болсон талаар болон хаана хаана тоглолтоо хийж байсан талаар сэтгүүлчдэд ярьж, тэдний сонирхсон асуултад хариулжээ. Эцэст нь ээж нь Якутскт том концерт тоглоорой гэж захисныг уламжлаад энэ сарын 24-нд ээжийнхээ хүслийг биелүүлж, “Ээж ээ, та миний миний сэтгэл зүрхэнд үүрд байх болно” тоглолт хийхээр болсноо зарлаж, тус концертонд хүрэлцэн ирэхийг урьсан байна. Горный улус дүүргийн нутгийн зөвлөлийн төлөөлөгч Надежда Петровна Федорова дуучин Сарааг Якутск хотод ирсэнд маш их баярлаж байгаагаа илэрхийлж, түүнд талархал дэвшүүлээд ээжийнх нь чандрыг хүлээн авахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.