2015 оны \”Шилдэг аймаг”-аар шалгарсан 93 жилийн түүхтэй Архангай аймаг Монгол
Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар \”Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон”-оор
шагнагдаж, өнөөдөр гардаж авлаа. \”Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон”-г Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын
газрын дарга П.Цагаан Архангай аймагт хүрэлцэн ирж, ёслол төгөлдөр гардуулан
өгсөн юм.
Архангай аймаг нь бүтээн байгуулалт, нийгэм эдийн засгийн үйл ажиллагаагаар
манлайлан, Үндэсний өв соёлоо уламжлан хадгалах үйлсийг нь үнэлэн ийнхүү 2015 оны \”Шилдэг аймаг”-аар шалгаруулжээ. Өнгөрсөн
хугацаанд эдийн засгийн болон нийгмийн салбарт олон шинэ санал, санаачлагуудыг
гаргаж, ажлын байрны бий болголтоороо
улсдаа тэргүүлж, ажилласан байна.
Мөн Архангай аймаг нь Монгол улсын
хэмжээнд өрсөлдөх чадварын үзүүлэлтээрээ 18-р байрнаас 9-р байр хүртэл дэвшиж
чаджээ. Улсын хэмжээнд ажлын байр бий болгох чадвараараа тэргүүлсэн байна. Мал
аж ахуй, төрийн үйлчилгээг олон нийтэд хүргэх ажлаараа ч тэргүүлдэг гэдгийг аймгийн
удирдлагууд ам бардам хэлж байна. Энэ баярт өдөр аймгийн Хаан банкны захирал Соддоржын Эрдэнэбат бас \”Улаан тугийн одон\”-гоор шагнуулжээ.
Өнөөдрийн ёслол хүндэтгэлийн
ажиллагаанд Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-эрдэнэ, аймгийн ИТХ-ын дарга
Ч.Мөнхбат болон сумдын засаг дарга нар, аймгийн хөдөлмөрч иргэд оролцлоо. Энэ
үеэр аймгийн \”Хөгжимт драмын театр”-ын уран бүтээлчид \”Улаан тугын одон”-г
мялаан нутгийнхаа сүлд дууг дуулж, урлагийн тоглолтоо сонирхуулсан юм.
Орон нутгаас сурвалжилсан сэтгүүлч Б.Нарангэрэл