Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг “Алма толгой” хэмээх газарт есдүгээр сарын 22-нд бүргэдчин охидын дунд тэмцээн зохион байгуулаа. Монголын казахуудын дундаас төрөн гарсан анхны бүргэдчин эмэгтэй болох Х.Алмагийн нэрэмжит уг тэмцээнд тус аймгийн Алтай, Сагсай, Улаанхус, Толбо сумаас 8-16 насны 12 бүргэдчин охин оролцлоо.
Бүргэдчид бүргэдээ өөртөө дасгасан байдлаа олон түмэнд сонирхуулж өрсөлдсөн бөгөөд тэмцээний онооны дүнгээр Улаанхус сумын бүргэдчин Н.Сулушаш тэргүүлж, Б.Балдыр, С.Ахелик нар удаах байрт шалгарав. Дашрамд хэлэхэд, бүргэдчин охин Н.Айшолпан 2014 онд найруулагч Отто Беллийн “The Eagle Huntress” кинонд тоглож дэлхий дахинд танигдсанаас хойш Баян-Өлгий аймагт бүргэдээр ан хийх, уралдаан тэмцээнүүдэд оролцох охидын тоо нэмэгдээд байгаа юм.