Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн -100 кг-д өрсөлдөж буй ОУХМ Л.Отгонбаатар шөвгийн наймд шалгарчээ. Тэрбээр Бакугийн дэвжээнд эхний барилдаанаа АНУ-ын Эл.Эй Смиттэй хийж, нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялсан. Хоёрдугаар тойрогт Чилийн Томас Бриченотой барилдаж, сүүлийн минутад вазари үнэлгээ авч ялсан юм.
Улмаар дараагийн тойрогт Латвийн Жевгенис Бородавкогоос хоёр вазари үнэлгээ авч, цэвэр ялснаар шөвгийн наймд шалгарсан байна. “B” хэсгийн аваргын төлөө Португалийн Хорхе Фонсекатай барилдана.