УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг ХҮН-аас гарч, АН-д элсэх гэж буй талаар ярьж байгаатай холбогдуулан тэрбээр өнөөдөр мэдээлэл хийв.
С.Ганбаатар гишүүн мэдээллийнхээ эхэнд \”Өнгөрсөн долоо хоногт намайг том намуудад, бүлэглэлүүдэд орж байгаа гэсэн мэдээлэл цацсан. МАНАН-д орсноос үхсэн минь дээр гэж хэлье. Тэр намууд надад хэрэгтэй биш. МАН, АН-ын олон шударга УИХ-ын гишүүд, улстөрч, олон зуун гишүүн, дэмжигчид байдаг. Тэд намайг хүндэлдэг. Би ч тэдний төлөө дуу хоолой болж зүтгэдэг. Гэхдээ МАНАН-гийн орой дээр байгаа хэдэн луйварчид өнөөдөр Монгол орныг минь маш хүнд байдалд оруулж, тусгаар тогтнол, газар нутгийг минь худалдаж байгаа. Ийм мэдэгдэл хийсний төлөө тэд гэмт хэрэгт холбогдуулна, сонгуульд оролцуулахгүй байх бүх арга хэмжээг авна. МАН, АН-ыг би эсэргүүцээгүй, орой дээр нь байгаа луйварчдын талаар ярилаа” гэсэн юм.
Үүний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав.
-ХҮН-ыг УИХ-ын сонгуульд оролцуулах боломжгүй гэж үзсэн. Та ямар намаас нэр дэвших вэ?
-МАНАН-гийн эсрэг ард түмний төлөө зүтгэдэг ямар ч хүчинтэй эвсэж, хамтарч, эвлэлдэж ажиллахад бэлэн байна.
-Та АН-аас санал ирсэн тохиолдолд элсэх үү?
-АН, МАН-аас тодорхой яриа хэлцлүүд хийсэн байж болно. Хамгийн гол нь МАНАН-д орохгүй гэдгээ давтан хэлье. Үүнд АН, МАН аль аль нь орж байгаа. Мөрөөдлөөсөө үзэл бодлоосоо ухрахгүй.
-ХҮН-ын гишүүн хэвээрээ байгаа юу?
-ХҮН-ыг хөл дээр нь босгож, шинэ залуу хүмүүсийг улстөрд оруулна гэж хичээж чармайн зүтгэсэн. 76 дотроос хэн нэг нь шинэ хүмүүст тусалж байж УИХ-д гаргахгүй бол 18-хан хоног сурталчлаад гарч ирэхгүй. Харин ХҮН-ын Б.Найдалаа нарын зарим залуус хэн нэгний хатгаас нөлөөлсөн үү, намайг Улсын дээд шүүх ХҮН-ын даргаар хоёр удаа бүртгээгүй. Тиймээс би ХҮН-ын жирийн гишүүн хэвээр байгаа.
-Та МАХН-наас нэр дэвших үү?
-Ямартай ч МАНАН-д орохгүй. Бусад эвслүүдтэй эвсэж хамтрахад бэлэн.
Н.Гантуяа
montsame.mn