“Таван толгой” ХК-тай холбоотой иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийг Авлигатай тэмцэх газар шалгажээ. Шалгалтын явцад хэд хэдэн зөрчилтэй нөхцөл байдал тогтоогдсон байна. Тухайлбал, “Таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, нарийн бичгийн даргыг томилохдоо хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулаагүй томилжээ.
Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ” гэж заасныг зөрчсөн байна.
Мөн тус компанийн мэдүүлэг гаргах үүрэг бүхий албан тушаалтнууд нь хөрөнгө орлогын мэдүүлэг өгөөгүй аж. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээлийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” энэ хуулийн үйлчлэлд хамаарна, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д энэ хуулийн 4.1-д заасан этгээд хөрөнгө орлогын мэдүүлэг гаргана гэж заасан байдаг. Иймд Авлигын эсрэг хуульд заасны дагуу холбогдох арга хэмжээг нэн даруй авч дээрх хуулиудад заасан үүргийг хэрэгжүүлэн ажиллахыг анхааруулж Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, “Таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд албан бичиг хүргүүлжээ.