2016 оны хаврын тариалалтыг технологийн хугацаанд хэвийн явуулахад шаардагдах 6,5 мянган тн дизель түлшний импортын онцгой албан татварын хэмжээг зургадугаар сарын 20-ны өдрийг хүртлэх хугацаанд Сүхбаатар, Эрээнцав боомтуудаар импортлоход \”О” байхаар тогтоолоо.
Сонгон шалгаруулалтад тэнцэж гэрээ байгуулсан Нефть импортлогчийн оруулж ирсэн шатахууныг Тариалан эрхлэлтийг дэмжих сантай гэрээ байгуулсан тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэдэд олгох ажлыг зохион байгуулах, хяналт тавьж үр дүнг тооцон ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад даалгалаа.
Нэг га талбайн нийт зардлын 22,2 хувийг шатахууны зардал эзэлдэг. Манай улсад тариалж ургуулсан улаанбуудайн өртөг нь бүс, цаг уурын хувьд ижил төстэй, хөрш зэргэлдээ ОХУ, Казакстан улсаас өндөр байгаа юм. Энэ нь тариалангийн үйлдвэрлэлд шаардагдах хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмж, сэлбэг, бордоо, ургамал хамгааллын бодис, шатахууныг 100 хувь импортоор авч байгаатай холбоотой.
Дизелийн түлшний онцгой албан татварыг тэглэснээр бүтээгдэхүүний өртөг 190.0 орчим мянган төгрөгөөр буурч аж ахуйн нэгж, иргэдийн санхүүгийн чадамж сайжран 2016-2017 онд буудай, гурилын хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах боломж бүрдэнэ гэж үзэж байна гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.