Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газраас “Шөнийн Улаанбаатар” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж байна. Энэ хүрээнд алба хаагчид 23:00-05:00 цагийн хооронд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа билээ.
Энэ үеэр Эргүүл хамгаалалтын газрын эргүүл хамгаалалтын офицер, ахлах дэслэгч Х.Эрдэнэтогтох, дэд ахлагч Н.Даваадулам нар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис байж болзошгүй зүйл тээвэрлэж явсан иргэнийг илрүүлсэн байна.
Тодруулбал, аравдугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Сүхбаатар дүүрэгт хэсэг залуус хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн шинжтэй үйлдлийг эргүүлийн үйл ажиллагааны явцад таслан зогсоожээ. Одоогийн байдлаар шалгалтын ажиллагаа үргэлжилж буй юм байна.
Түүнчлэн алба хаагчид үүрэг гүйцэтгэж эхэлсэн гурав хоногийн хугацаанд биеэ авч явах чадваргүй болтлоо согтуурч, гудамж, замын хөдөлгөөнд оролцож чадахгүй байгаа 11 иргэнийг харьяа дүүргүүдийн эрүүлжүүлэх байранд, 20 иргэнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.