Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд оргон зугтааж байсан рецидив гэмт хэрэгтнийг сая баривчилсан байна.Эх сурвалжийн мэдээлснээр О.Тамир гэгч олон удаа ял шийтгүүлж байсан онц ноцтой гэмт хэрэгтнийг баривчилахаар цагдаагийн байгууллага удаан ажиллажээ. Түүнийг хамтран амьдрагч А-ийн биед хүнд гэмтэл учруулаад оргон зугтааж байхад нь баривчилсан байна. Ингээд зогсохгүй О.Тамир нь өс хонзонгийн сэдлээр улмаар иргэн “Э”, “Ш”, “Х” нарын амь насыг нь хороохоор бэлтгэж байжээ. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Удаа дараагийн ял шийтгэлтэй О.Тамир гэгч нь өнгөрсөн нэгдүгээр сараас таван сар хүртэл нийт гурван удаагийн үйлдлээр бусдын биед хүнд болон хүндэвтэр гэмтэл учруулсан хэргээр эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаандаа буюу энэ сарын 2-ны өдөр хамтран амьдарч байсан А-тай маргалдаж хэвлийн тус газар нь хутгалж, оргон зайлсан. Сэжигтэн оргон зайлах хугацаандаа дээрх гэмт хэргийн хохирогчдын амь насыг хохироохоор бэлтгэж, төлөвлөж байсныг цагдаагийн байгууллагаас тогтоосон. Тиймээс цагдаагийн байгууллагын зүгээс эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулан энэ сарын 4-ний өдөр гэмт этгээдийг дайчлан баривчилсан” гэлээ.
Сэжигтэн О.Тамир нь 1996 онд ЭХТА-ийн 129.4, 125.1, 211.1-т зааснаар 5 жилийн хорих ял
1999 онд ЭХТА-ийн 123.2-т зааснаар 2 жилийн хорих ял
2002 онд ЭХТА-ийн 124.2, 239.2-т зааснаар 2 жилийн хорих ял
2007 онд ЭХТА-ийн 93.1-т зааснаар 5 жилийн хорих ял
2012 онд ЭХТА-ийн 181.2.1, 181.2.4, 182.2.5, 261.1, 230.1, 181.2.3-т зааснаар 5 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байжээ.