МУГЖ, дуучин С.Жавхлан өнгөрөгч оны өдийд Өмнөд Солонгосыг зорьж МАХН-ын
дарга, экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг эргэж байв. Хил дамнан биеийн байдлыг нь
асууж, санаа тавьсан С.Жавхланг ихэд хардаж, МАХН-аас ирэх сонгуульд нэр дэвших
гэж байна хэмээн таамаг дэвшүүлсэн. Таамаг ч батлагдаж С.Жавхлан МАХН-аас нэр
дэвших урьдчилсан тохироогоо Н.Энхбаяртай хийсэн байжээ. Гэсэн хэдий ч
төдийгөөс өдий хүртэл МАХН-ын нэр хүнд унасаар, өдгөө энэ намд Н.Энхбаяраас өөр
хүн үлдсэнгүй гэхэд болохоор боллоо. МАХН-аас чансаатай улстөрчид холдож, намын
нэр хүнд доройтож байгаатай холбогдуулан МАХН-аас нэр дэвшихээр төлөвлөж байсан
дуучин С.Жавхлан бие даан нэр дэвшихээр болжээ. Түүний хувьд төрөлх Увс аймагтаа
бие даах магадлал тун өндөр байна. Увс аймаг 2 мандаттай бөгөөд Б.Чойжилсүрэн,
Ч.Хүрэлбаатар хэмээх МАН-ын хоёр \”акул” бий. Гэсэн хэдий ч С.Жавхлан тэдэнтэй
нүүр тулж Увс аймагтаа хүч үзэх үү эсвэл нийслэл хотдоо нэр дэвших үү гэдэг нь
одоогоор тодорхойгүй байна.