УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэв. Хэнтий аймгийн УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах санал хураалтын товыг тогтоосон УИХ-ын тогтоолыг ҮХЦ хууль зөрчсөн гэж үзэн түдгэлзүүлсэн юм. ҮХЦ-ийн дүгнэлтэд “Улсын Их Хурал 2018 оны 62 дугаар тогтоол гаргасан нь төрийн албанд ажиллаж буй иргэдийн сонгогдох эрхийг хязгаарлах, тэгш бус байдлыг үүсгэхээр байна гэсэн шийдвэрийг Цэцийн өнөөдрийн хуралдаанаас гаргалаа. Тодруулбал, Улсын Их Хурал нөхөн сонгууль товлон зарлахдаа, Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд төрийн байгууллагын бусад шийдвэр бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг зөрчиж, улмаар Үндсэн хуульд заасан шударга ёс, тэгш байдлын зарчим алдагдах, иргэдийн төрийн байгууллагад сонгогдох эрх зөрчигдөх нөхцөл бүрдүүлсэн байна хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэж, дээрх УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэв” гэж шийдвэрлэсэн юм.
Байнгын хороогоор дээрх асуудлыг хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзсэн юм. ҮХЦ-ийн хуралдаанд УИХ-ыг төлөөлж Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан оролцсон юм. ҮХЦ-ийн дүгнэлтийг Цэцийн гишүүн УИХ-ын чуулганд танилцуулж болдог, харин УИХ-ын гишүүний асуултад хариулдаггүй заалттай аж. Тиймээс хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан хариулав.
Ингээд УИХ-ын 62 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэх ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн санал хураалт явууллаа. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн авсангүй.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.