УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулах асуудлыг өчигдөр орой хэлэлцлээ. Асуудал нэлээн удааширч дөрвөн цаг орчим хэлэлцсэний дараа нууц санал хураалт болсон байна. Бүлгийн хурлыг УИХ-ын гишүүн Я.Содбаатар даргалж явууллаа. Энэ удаагийн хуралд нэр бүхий зарим гишүүд суугаагүй аж. Ийнхүү санал хураалт явагдахад 29:29-өөр тэнцэж дахин санал хураалт явагдах болсон байна. Иймээс ирээгүй гишүүдийг дуудуулж хоёр дахь санал хураалтыг явагдуулсан. Энэ санал хураалтаар 32 гишүүн огцруулах нь зүйтэй гэсэн бол 27 гишүүн татгалзсан хариу өгч, нэг гишүүний санал хүчингүйд тооцогджээ.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг бүлгийн хурлаас гарч ирэхэд нь тайлбар авлаа.
Тэрбээр “Бүлгийн шийдвэрийг дагах ёстой. Шийдвэрийг хүндэтгэж байна. Надад гомдол байхгүй. Өнгөрсөн хугацаанд намайг хэрхэн ажилласаныг бүлгийн хамт олон илүүтэй дүгнэх байх. Зарчим ярьж болохгүй цаг ирчихсэн юм байна. Хүний алдаа оноог ярьж болдоггүй болчихсон юм байна. Мөн хууль дүрэм хэрэгжихэд хэцүү болсон юм байна гэж харж байна. Цаашид би өөрийн дуу хоолойгоо хязгаарлуулахгүй. Яагаад гэвэл ард түмний талд дуугарах ёстой. Түүнээс биш намын эрх ашиг, бүлэглэлийн эрх ашгийн төлөө дуугарах ёсгүй” гэлээ.
Д.Хаянхярваа өмнөх өдөр нь УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт УИХ-ын гишүүний хувиар Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай нэр холбогдсон гишүүдэд хариуцлага тооцох шаардлагыг хүргүүлсэн .
МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ын гишүүдтэй холбоотой хариуцлагын асуудал, бүлгийн гишүүдийн эв нэгдэл, хариуцлагатай байдал,зохион байгуулалтыг хангаж чадаагүй хэмээн үзэж ажлаа өг гэж хэлсэн билээ.