Бүрэн эрхийнх нь хугацаа хэзээ мөдгүй дуусах дөхөж байгаа З.Энхболдын танхим Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын даргыг томилохгүйгээр чуулганаа хаахаар шийджээ. Шинэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслийн жагсаалтад дээрх асуудлыг багтаагаагүй байгаа юм. Арав гаруй хоногийн өмнө УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэх байсан ч УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авч, хойшлуулсан. Завсарлага авах болсон үндэслэлээ тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар \”Бүлгээр асуудлыг ярих шаардлага байна” гэж тайлбарласан ч тус бүлэг хуралдаагүй билээ.
Хуульд зааснаар АТГ-ын даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгож, УИХ-аас томилдог. Энэ дагуу хурандаа Х.Энхжаргалыг АТГ-ын даргаар томилуулах хүсэлтийг тавдугаар сарын 4-нд УИХ-д хүргүүлсэн ч хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаахгүй, мөн УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авснаар эцэстээ хаврын чуулганы хаалттай золгож байх шиг байна.
УИХ-ын дэгийн тухай хуульд зааснаар уг томилгоог УИХ өргөн мэдүүлснээс нь долоо хоногт багтаан хэлэлцэн шийдвэрлэх ёстой ч хугацааг нь хэтрүүлээд зогсохгүй дараагийн парламент руу асуудлыг шилжүүлэх боллоо.
Учир нь УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаас гаргасан саналыг үндэслэн хаврын чуулганыг тавдугаар сарын 27-нд хаахаар болсон гэж эх сурвалж мэдээлж байна. Гэтэл УИХ-аар хэлэлцэх асуудлын жагсаалтад АТГ-ын даргын томилгоотой холбоотой асуудал багтаагүй байгаа юм.
УИХ-аас АТГ-ын дарга асан, комиссар Н.Ганболдыг дөрөвдүгээр сарын 14-нд чөлөөлсөн юм. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хурандаа Х.Энхжаргалыг санал болгосон ч Ардчилсан намынхан хүлээн авахгүй тушсаар байна.
А.Аюуш