Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнгөрөгч амралтын өдөр буюу 11 дүгээр сарын 17-нд “Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих” төслийн барилгын ажлын явцтай танилцлаа. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй уг төслийн гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20-р товчоо групп, зөвлөхөөр “Ростов” ХХК ажиллаж байгаа юм.
Гүүрийн ажил нь өнгөрөгч дөрөвдүгээр сард эхэлсэн. Өнөөдрийн байдлаар барилгын ажил төлөвлөгөөнөөс 3 хувиар давсан буюу 43 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэдгийг гүйцэтгэгч компанийн удирдлагууд хотын даргад хэлж байв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлд хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын нэг бол Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарц. Зарим хэсэгт газар чөлөөлөлт болон орц, гарц чөлөөлөх асуудлууд тулгараад байгааг өнөөдөр газар дээр нь ирж танилцаад, шийдвэрлэж байна. Түүнчлэн Монголын талаас гарах хөрөнгийг шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлтийг Хятадын талаас тавьж байна. Сангийн яамнаас энэ онд багтаан санхүүжилтийг гаргаж өгч чадвал гүүр төлөвлөгөөний дагуу ашиглалтад ороход асуудалгүй гэдгийг хэлж байна. Төлөвлөгөөний дагуу гүүр ирэх оны аравдугаар сард ашиглалтад орно.
Үүнээс гадна өвлийн улиралд гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг түр зогсоож байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд зорчих хэсгийг хэрхэн нээх вэ гэсэн асуудлыг газар дээр нь шийдвэрлэж байна. Нарны замаас Олимпын гудамж руу ордог хэсгийн хөдөлгөөнийг ирэх оны гуравдугаар сар хүртэл түр нээхээр болж байгаа. Түр зам гаргаж, бэлэн болоод байна” гэв.
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Хүйтний улиралтай холбогдуулан ирэх сарын 15-наас 2019 оны гуравдугаар сар хүртэл барилгын ажил түр завсарлах гэж байна. Энэ хооронд Олимпын гудамжны зорчих хэсгийг түр нээнэ. Олимпийн гудамжаар урагшаа чиглэлд явж буй тээврийн хэрэгсэл нарны зам руу орж баруун эргэх, нарын замаас Олимпийн гудамж руу зүүн эргэх зэрэгт Замын цагдаагийнхантай хөдөлгөөний зохицуулалт хийхээр тохиролцоод, бэлтгэл ажил дууссан. Түр зам барьсан” хэмээн мэдэгдлээ.