Улс даяар явагдаж байгаа Улаанбурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг тавдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгалаа гэж Эрүүл мэнд, спортын яамны Шуурхай удирдлагын албанаас мэдээллээ.
Энэ сарын 12-нд эхэлсэн нэмэлт дархлаажуулалтад 18-30 насны залуучуудыг хамруулж байгаа юм.
Өчигдөр 11.00 цагийн байдлаар улсын хэмжээнд улаанбурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамрагдвал зохих 18-30 насны 640 мянган иргэний 74.7 хувь нь хамрагдсан байна.
Дархлаажуулалтын хувь 97-98 хувьд хүрч байж УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ТАРХАЛТЫГ БУУРУУЛАХ, ДАХИН ДЭГДЭЛТ ГАРАХААС СЭРГИЙЛЭХ, дархлаажуулагдсан ээжээс дархлаатай нярай төрөх зэрэг үр дүнг үзүүлнэ.
Гэвч хамрагдалтын хувь энэ хэмжээнд хүрэхгүй байгаа тул ийнхүү хугацааг сунгаж байгаа аж.
Иргэд харьяалал харгалзахгүй, өөрт хамгийн ойр өрх, сумын эрүүл мэндийн төв, аймаг, дүүргийн эрүүл мэндийн төвд хандах юм.
Өнгөрсөн хугацаанд их дээд сургууль зэрэгт түр цэг ажиллуулж, хүн их төвлөрсөн худалдаа, үйлчилгээний төвүүдээр явуулын цэгийг ч ажиллуулсан. Эмч нар айлуудаар, хөдөө орон нутагт завиар хүртэл явж нэмэлт дархлаажуулалтыг хийсэн ч хамрагдалт төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байна.
Иймд 18-30 насны иргэд хуульд заасан үүргээ биелүүлж, нэмэлт дархлаажуулалтад идэвхтэй хамрагдана уу.
Энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтын зардлыг МУ-ын Засгийн газар гаргаж, НҮБ-ын Хүүхдийн сан нийлүүлж байна. Вакциныг дэлхийн зуу гаруй оронд нийлүүлдэг тул чанарын тал дээр эргэлзэх хэрэггүй гэдгийг НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч онцолж байсан юм.