Тэнгэрийн хаяа шуугдан үүр манхайн цайж, хоточ нохой нь эзэндээ гавьяархан суниаж эрхэлхэд тариачин Далай, Жинхуар нарын жаргалтай бас завгүй шинэ өглөө эхэлнэ.
Найман хошууны Гурванхуа сумын Хулстай багийн халуун ам бүлийн нэг Далайгийнх. Тавдугаар сарын 13-ны өглөө бид төл малын майлаан дунд тэгш сайхан амьдрал налайсан энэ сайхан айлд хүрч билээ.
Гурван үеийн таван ам бүл аз жаргалтай амьдарна. Том хүү нь хошууныхаа Монгол бага сургуульд сурдаг, отгон хүү нь багийнхаа цэцэрлэгт явдаг. Далайн ээжийн бие тэнхээ сайн учир тэр хоёрт их тус болдог гэнэ. Тэднийх хориод үнээ маллахын хажуугаар 6 га эрдэнэ шиш, 2 га эмийн ургамал, 1 га орчим ногоон бордоо тариалж байна. Хавар болоход төл тосох, тариа тарих гээд борви бохисхийх завгүй ажил ихтэй болно. Далай, Жинхуар хол ойрдоо ажилчхичээнгүйгээрээ нэртэй. Дөч хүрч байгаа тэд алсын хараатай хүмүүс. Тэдний суугаа орон сууц нь 2000 оны үеэр барьсан тоосгон байшин боловч хүрээ хашаа цэвэр сайхан, гэр дотор нь ороход бүхий л зүйл нь эвлэгхэн харагдана.
– Энэ жилийн газар тариалангийн ажил яг ид үргэлжилж байна. Өчигдөр бас бороо орж, сайн чийг өгч, тариалахад таатай нөхцөл бүрэлдүүлсэн гэж Далай малдаа өвс тавьж өгөх зуураа ярьж байв.
Далай малдаа өвс тавьж өгөөд гэртээ ороход Жинхуар өглөөний цайгаа бэлдчихсэн байв. Эрдэнэ шишийн боорцог, амтат зууштай өглөөний хоолоо тавтай зооглоод, эрт худалдаж аваад хадгалсан бордоогоо авахаар явж, саяхан орсон бороог амжуулан үлдэж байгаа нэг га гаруй тариагаа тариалахаар ажиллаж эхлэв.
Одоо хөдөө нутгаар тариа тарихад машин техник ашиглан хүний хүчийг ихээр хэмнэж нэг хүн байхад тарианы ажилд хангалттай болжээ.
Жинхуар ч аяга шанагаа угааж цэвэрлэх, гахай тахиагаа тэжээх гээд хэсэгтээ л бужигнаж дуусаад бага хүүгээ цэцэрлэгт нь хүргэж, нөхөртөө тус болох гэж тариан газраа чиглэв. Далай, Жинхуар бүтэн өдөржин энэ ажилтайгаа ноцолдоод завгүй боловч жаргалтай явна.
Solongonews.mn