\”Ерөнхийлөгчийн
хүн\”, \”тагнуулч\” гэх мэтээр тодотгуулдаг М.Батчимэгийг АН дотроо өндөр боловсролтой,
хөрөнгө чинээгээрээ ч дутаад байх юмгүй боломжийн эмэгтэй гишүүн гэдэг.
Туслах З.Пагмажав
нь Тайванийн тагнуулаар ажилаж, стратеги судалгааны чухал мэдээлэл дамжуулсан
гэх онц ноцтой гэмт хэрэгт буруутгагдсанаас өөрөөр хэл аманд нь өртөөгүй УИХ-ын
гишүүн М.Батчимэг Эрдэнэтэд нэр дэвшихээр бэлдэж байсан. Тиймдээ ч эртнээс
Эрдэнэтэд ажиллаж, нийгмийн идэвх зүтгэлээ харуулж байв.
Харин цаг болоход
Эрдэнэтийн гурван мандатад АН-ын дарга З.Энхболдын дотнын анд УИХ-ын гишүүн Д.Одхүү, \”Зэс эрдэнийн хувь\” ХК-ийн захирал Д.Алтанхуяг болон Орхон аймгийн
Иргэдийн хурлын дарга Б.Мягмарсүрэн нарыг аймгийнх нь намын
хороо нэр дэвшүүлэв. Үүнийг нь мэдэж, зай олдохгүйгээ ухаарсан М.Батчимэг нэрээ
татсан.
Гэхдээ өнөө орой 18:00 цагаас АН-ын ҮЗХ хуралдаж Эрдэнэтээс чухам хэн
гурвыг нэр дэвшүүлэхийг эцсийн байдлаар шийднэ. Эрдэнэт бол УИХ-ын сонгуулийн
хамгийн \”зөөлөн боорцог”. Тиймээс Эрдэнэт рүү хошуурагчид их. Гэхдээ АН-ын
хувьд Д.Одхүү, Д.Алтанхуяг, Б.Мягмарсүрэн гэсэн Эрдэнэтийн \”уугуул” нэр
дэвшигчид байгаа бөгөөд тэд тойргоо хотоос иргэн хэн нэгэнд алдахыг хүсэхгүй.
Тиймдээ ч, Ерөнхийлөгчийн хүн болон бусад фракцийн нэр дэвшигчдийг жийхийг
З.Энхболдод сануулж байгаа.
Эндээс АН З.Энхболдын \”Шонхор” фракц болон
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй хүмүүс хийгээд Ерөнхий сайд асан
Н.Алтанхуягийн \”Алтангадас” фракцийнхантай зөрчилдөж, Эрдэнэтийн төлөөх тэмцэл
өрнөж байна. Үүнтэй холбогдуулан М.Батчимэгийн хувьд намын даргадаа баахан
гомдож, Ерөнхийлөгчид ховлож байгаа гэх.
Харин нөгөө талаас Д.Одхүү,
Д.Алтанхуяг, Б.Мягмарсүрэн нар З.Энхболдыг буулт хийхгүй байхыг сануулж, бид
гурвыг энэ чигээр нь өрсөлдүүлэх боломж олгоорой хэмээн захиж байгаа аж. Эндээс
Элбэгдорж, Энхболд нарын хооронд Эрдэнэтийн нэг тойргийн төлөөх тулаан эхэлж
байгаа бөгөөд М.Батчимэг нэр дэвшиж Элбэгдорж ялах уу, эсвэл М.Батчимэг явж Энхболд ялах уу гэдэг нь сонин. Энэ тулааны хариу өнөө орой 18:00 цагаас эхлэх АН-ын ҮЗХ-ны хурлаар шийдэгдэнэ.
Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх М.Батчимэг туслахынхаа тагнуулын хэргийн улмаас Ерөнхийлөгчийн дэргэдээс холдохоос өөр аргагүй болж, зөвлөхийн албан тушаалаа хүлээлгэн өгсөн. Гэсэн ч Ерөнхийлөгч түүнийг үл орхиж, тагнуул хийсэн нь тогтоогдож 16 жилийн ял авсан туслах нь шоронгос суллагдав. Хэрвээ М.Батчимэг энэ чигээр нэр дэвших эрх авч чадалгүй улстөрөөс холдвол, Ерөнхийлөгчөөс хүртэл холдоно. Тиймээс түүнийг тавьж явуулахгүйн төлөө Ерөнхийлөгч хэр хүчин чармайлт гаргахыг харах үлдсэн байна.