ТОСК-иас түрээсийн орон сууцны хөтөлбөрийн эхний ээлжийг саяхан хэрэгжүүлж дууссан. Ирэх долдугаар сард \”Буянт-Ухаа-2” хорооллын үргэлжлэл 972 айлын байр ашиглалтад орох гэж байгаа. Энэхүү хороололд мөн түрээсийн байранд суухыг хүсэгчдийг бүртгэн оруулах юм байна.
Мөн Барилга хот байгуулалтын яамны захиалгаар Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд 720 айлын байр ашиглалтад оруулж түрээслүүлэхээр төлөвлөгдсөн байна. Иргэдийн хамгийн их сонирхон хүлээж буй зүйл бол түрээсэлж буй орон сууцыг үргэлжлүүлэн өмчлүүлэх боломжтой эсэх тухай юм. Анх Барилга, хот байгуулалтын яамнаас иргэд байраа түрээслэнгээ түрээсийнхээ мөнгө дээр бага багаар нэмж байраа өмчлөлд шилжүүлэх, цаашид 8 хувийн зээлэнд ч оруулж болох тухай яригдаж байгаад чимээгүй болсон. Тэгвэл ийм боломж байгаа талаар салбарынхан ярьж байна. Үүнд түрээсийн орон сууцыг цаашид иргэддээ өмчлүүлэхийн тулд дараах хувилбар яригдаж байгаа юм байна.
Энэхүү саналыг гаргасан ТОСК-ийн дэд дарга Д.Алтанхуяг: \”Нэгдүгээрт, Иргэдээ өмчлөлийн орон сууцаар хангах, Хоёрдугаарт, түрээсийн журмаар хангах, буюу түрээслэж байх хугацаандаа урьдчилгаа төлбөрөө бэлэн болгож шууд банкны зээлд хамрагдаж өмчлөлд нь шилжүүлж өгөх, Гуравдугаарт, урт хугацаанд орон сууцныхаа төлбөрийг түрээсийнхээ төлбөртэй нэмээд, хуваагаад нэг сарынхаа төлбөрийг гаргаж авах буюу урт хугацаанд аажмаар төлж өөрийн өмчлөлд оруулах гэсэн энэ гурван хувилбарыг гурвууланг нь оруулна. Иргэдийн хамгийн их хүсч байгаа хувилбар буюу байраа түрээслэж байх хугацаандаа урьдчилгаагаа бэлдэж, дараа нь өмчлөх хэлбэр рүү шилжүүлэх боломж бий” гэж ярьж байна.