Монгол Улсын Төрийн шагналт, найруулагч Н.Наранбаатар Монгол Улсын Соёлын элчээр тодорч Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас гэрчилгээгээ гардлаа.
Уран бүтээлчид, спортын алдартнуудаараа дамжуулан Монгол орноо дэлхий нийтэд сурталчлах нь маш чухал, үр дүнтэй хэлбэр гэж үздэгээ Гадаад харилцааны сайд онцоллоо. Түүнчлэн найруулагч Н.Наранбаатарт ийнхүү соёлын элчийн гэрчилгээг гардуулж байгаа нь Монгол төрийн захиас юм гэдгийг тэмдэглээд цаашид дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Найруулагч Н.Наранбаатар нэр хүндтэй үүрэг хүлээж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд Монголынхоо урлаг соёл, түүхийг сурталчлахад анхаарч ажиллах болно гэлээ. Мөн удахгүй театрын тайзнаа тавих уран бүтээлийнхээ талаар сайдад товч мэдээлэв.