Дэлхийн зах зээл дээр Ерөнхий зориулалтын агаарын хөлгийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байна. Ялангуяа Европын холбооны улсууд болох Чех, Словени оронд орчин үеийн жижиг оврын агаарын хөлгийг угсарч, үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж буй. ИНЕГ болон “МИАТ”ТӨХК, ОХУ-ын Новосибирск хотын СибНИА нисэхийн эрдэм шинжилгээний хүрээлэнд зохион бүтээсэн ТВС-2МС агаарын хөлгийг ОХУ-ын мэргэжилтнүүдтэй хамтран угсрах, Бүгд Найрамдах Словени Улсын ‘Pipistrel’ агаарын хөлгийг Монгол Улсад угсрах гадаад зах зээлд нийлүүлэх судалгааны ажил хийгдэж байна.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.119 заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 263 тоот тушаалаар төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулсан. Төслийн хүрээнд ОХУ-д үйлдвэрлэсэн ТВС-2МС агаарын хөлгийг дотооддоо угсрахаас гадна Бүгд найрамдах Чех болон Словени улсад үйлдвэрлэгдсэн орчин үеийн бага оврын агаарын хөлгийг Монгол Улсад угсрах ажлыг судлаж, хэрэгжүүлэх юм.
Тэгвэл уг төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн дарга ИНЕГ-ын Захиргаа, удирдлагын газрын дарга Т.Батжаргал, ИНЕГ-ын Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх албаны дарга Э.Энхзориг, мэргэжилтэн Г.Цолмон, “МИАТ”ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын техникийн маркетингийн ахлах инженер Н.Адилбиш нарын албаны хүмүүс Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарт ТВС-2МС агаарын хөлгийн анхны загварыг гардууллаа.
Монгол Улсад бага оврын агаарын хөлгийг угсрах үйлдвэрлэлийг хөгжүүлснээр иргэний нисэхийн салбарын үзүүлэх ажил, үйлчилгээний төрөл өргөжих, Төрийн зайлшгүй үйлчилгээг алслагдсан сумдад хүргэхээс гадна бизнес, аялал жуулчлал, ачаа, шуудан тээврийг хөгжүүлэх, эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлэх, байгаль орчныг хамгаалах, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт бага оврын агаарын хөлгийг эрчимтэй ашиглаж нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх олон талын ач холбогдолтой юм.
Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам