Улаанбаатар Төмөр замын хувь нийлүүлэгчдийн болон Ерөнхий хорооны хурал өнгөрөгч долоо хоногт болж өнгөрсөн. Энэ удаагийн хурлаар удирдлагыг өөрчлөх байх гэсэн албан бус мэдээлэл байсан ч Улаанбаатар төмөр замын орлогч дарга нарыг шинээр томилсноор хуралдааныг өндөрлөсөн билээ.
Тэгвэл өчигдөр Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг ажлаас нь түдгэлзүүлж, хилийн хориг тогтоох шийдвэр гаргасан байна.
ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн саналын дагуу Нийслэлийн прокуророос УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг өнгөрөгч долоо хоногт яллагдагчаар татсан. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж дүүгийнхээ хувийн компанийн дансаар их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй хэргээр шалгаж байсан юм.