Шинкансен хурдны галт тэрэг 1964 онд Японы Токио хотод нээлтээ хийхэд дэлхийн хамгийн хурдан галт тэрэг гэгдэж байв. Тэр үед Токиод анхны зуны олимп болох гэж байсан тул япончууд ийм нээлт хийж байв.
Тэгвэл 2020 онд хоёр дахь удаагаа олимп зохион байгуулах эрх авсан Наран улсынхан дахин рекорд тогтоожээ. Чуо Шинкансен гэгдэж буй шинэ галт тэрэг өнгөрсөн жил Фүжи ууланд анхны туршилтаа хийхэд цагт 366 мил буюу 590 км хурдалсан дээд амжилтаа өнгөрсөн долоо хоногт шинэчилж, 374 мил буюу 603 км цагийн хурдтай “ниссэн” байна. Одоогоор Токиогоос Нагаоя хот хүртэл замд энэ галт тэргийг ашиглахаар төлөвлөж байна. Цаашид Осака хотод зам тавихаар болжээ. Токиогоос Нагаоя хот хүртэл 40 минут зарцуулах нь нисдэг онгоцноос ч бага хугацаа зарцуулах аж. Гэхдээ ингэхийн тулд бид багагүй хугацаанд хүлээх шаардлагатай. Тодруулбал шинэ галт тэргийн замыг 2027 он гэхэд барьж дуусгах бөгөөд тэр үед л үйлчилгээнд гаргах гэнэ. Харин Нагаоя хотоос Осака хүртэл барих замыг 2045 он гэхэд дуусгана.
Сонирхуулахад, БНСУ-ын Инчён хотод байдаг хурдны галт тэрэг цагт 68 мил туулах чадвартай бол Францынх цагт 185, Германых 199, Японы Шинкансен 200, Шанхайд байдаг хурдны галт тэрэг цагт 268 цагийн хурдтай “нисдэг” аж.
Япончууд хурдны галт тэрэгний хурдыг гэнэтхэн л нэмчихээгүй. Тэд үүнийг анх 1997 онд туршилтад оруулж, цагт 342 мил буюу 550 км цагийн хурдтай нисгэж байсан ч зорчигчийн аюулгүй байдал, стандарт шаардлага хангахгүй байсан тул олон нийтэд хүргэлгүй өдий хүрчээ.
Сонирхуулахад, өмнө нь 1969 оноос хойш Германы хурдны галт тэрэг цагт 279 мил хурдалдаг байв. Энэ нь 1964 оноос ашиглалтад орж, өдгөө хүртэл хурдалж буй Шинкансений өмнөх загвараас дөрвөн милээр илүү байлаа. Харин ирээдүйд Шинкансений шинэчлэгдсэн загвараас гадна АНУ-ын Лос-Анжелес хотын хурдны галт тэрэг цагт 700 мил хүртэл хурдлах төлөвлөгөөтэй байгаа аж.
Шинэ хурдны галт тэргээр 1 мил буюу 1.5 км замыг ердөө 10 секундэд туулах чадвартай гэдгийг зохион бүтээгчид нь ярьжээ.