Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Монгол Улсын хөгжил дэвшлийг тодорхойлох, шударга бус байдлыг таслан зогсоох зорилгоор “Нэгдмэл Монгол Хөдөлгөөн” байгуулсан талаараа мэдээлэл хийлээ.
Н.Алтанхуяг мэдээллийнхээ эхэнд “Шударга ёсыг сэргээн тогтооё. Байгалийн баялгийг ард түмнийхээ мэдэлд ѳгье. Дундаж давхаргын ѳрхѳѳ дэмжье. Энэ парламентыг тараая. Хувь хүн биш хууль засагладаг тогтолцоогоо сэргээе. Лиценз наймаалдаг байдлыг зогсооё. Хѳрѳнгѳ оруулалтыг үр ашигтай болгоё гэж уриалмаар байна” гэж тодотгов. Тэрбээр цааш нь хэлэхдээ “Эрх мэдэлтнүүдэд ээлтэй, ард түмэнд халтай хуулийн засаглалыг халж, дараа нь намуудыг өмчгүй болгох хэрэгтэй.
Стратегийн ордуудаас орж ирдэг мөнгийг нэгтгэж, сан бий болгомоор байна. Авлигачдын мөнгийг төр хурааж аваад, гэр хорооллыг орон сууцжуулахад зарцуулмаар байна. Маргаашаа бий болгох бүтээн байгуулалт хийцгээе. Эх орныхоо төлөө, Монголоо гэсэн сэтгэлтэй хүн бүхнийг энэ тэмцэлд нэгдэхийг уриалж байна. УИХ-ыг тараах тэмцэлд уриалж байна.
Би АН-ын гишүүн хэвээрээ байгаа. Гэхдээ намдаа сэтгэл дундуур байна. Учир нь АН Монголын нийгэмд бугшсан зүйлсийг арилгахын төлөө дорвитой ажиллахгүй байна. Дэндүү явцуу байна. Бид С.Баяртай хамтарч Засгийн газар байгуулж байсан. Гэхдээ хамтарсан Засгийн газар байгуулах нь МАНАН байгуулахаас тэс өөр. Хамтраад эх орныхоо төлөө ажиллая л гэж байгуулж байсан. Гэтэл 2004 онд хамтарсан Засгийн газар байгуулагдсан нь МАНАН-гийн эхлэл байжээ. Би МАНАН-г байгуулахад оролцсон бол өдийд энд байхгүй, гадуур зугаалаад явж байх байлаа. Би улстөрчдөд хэтэрхий их шунал тачаалаа дараач гэж хэлмээр байна. Ялангуяа өмнө нь байсан, хэтэрхий их шуналтай улстөрчдөд хандаж энэ үгийг хэлмээр байна.
Авлигын диваажинг хувьчилж авсан хүмүүсийг хариуцлага тооцох болжээ. “60 тэрбум”-ыг бий болгосон М.Энхболдтой хариуцлага тооцох ёстой. УИХ-ыг тараах ёстой. Нийслэлийн газрыг зарсан бүлэг этгээдтэй хариуцлага тооцъё. Шударга бусын хонгилыг нурааж, тэгш журамт ёсыг сэргээх цаг ирлээ. Дахин хэлье. Гурван төрлийн ажлыг яаралтай хийх хэрэгтэй.
Нэгдүгээрт, Шударга ёсыг сэргээе
Хоёрдугаарт, байгалийн баялгийг ард нийтийнх болгоё
Гуравдугаарт, Чинээлэг дундаж давхаргыг сэргээе
Эхний асуудлын цаана таван зүйл бий.
Хууль хяналтын салбарын хууль бусын хонгил нийгмийн бүх салбарт үсэрхийлсэн байна. “60 тэрбум”-ыг дэмжигчдийг шударга шүүхийн өмнө аваачих ёстой.
Авлигажсан төсөв зохиодгийг таслая. Монголчуудад биш гадаадынханд ашигтай зээл авдгийг зогсооё. Чинээлэг дундаж давхаргыг босгоё. Шатахуун түгээх сүлжээг хоршоолсон хэлбэрт оруулъя. Талцаж суух цаг өнөөдөр биш. Үр хойчдоо нүүр бардам ирээдүйг хүлээлгэж өгөх ажлыг эхлүүлье, зохион байгуулъя” гэлээ.