Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах, үүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний талаар өргөтгөсөн хэлэлцүүлэг хийж байна.
Өнгөрсөн онд агаарын бохирдлыг бууруулах болон иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр салбарын яамнаас авч хэрэгжүүлсэн, цаашид хийх ажлын талаар хэлэлцэн шийдвэр гаргана. Эргэн сануулахад, Засгийн газрын шийдвэрээр 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Гэхдээ энэ шийдвэр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудад хамаарахгүй юм. Засгийн газраас утаатай тэмцэх богино, дунд, урт хугацааны бодлого хэрэгжүүлж байгаагаас богино дунд хугацаанд түүхий нүүрсийг хорьж, сайжруулсан түлшид шилжих юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэсээс мэдээллээ.