Энэхүү цахим систем хэрэгжиж эхэлснээр худалдан авах ажиллагаанд оролцогч аж ахуйн нэгжүүдийн хувьд олон давуу талууд бий болж байгаа ажээ. Тухайлбал, Цахим систем нэвэрээгүй байхад аж ахуйн нэгж тус бүр тендерт оролцохдоо 350 мянгаас 2 сая төгрөгийн тендерийн материалийн зардал гардаг байсан явдал халагдсан төдийгүй тухайн аж ахуйн нэгжүүд тус бүр төрийн байгууллагуудаас төлбөртэйгээр авдаг лавлагаа тодорхойлолтууд Худалдан авах ажиллагааны газар Цахим системийн шинэчлэлийн хүрээндээ үнэ төлбөргүй татаж авдаг болжээ. Ингэснээр тендерт оролцогч аж ахуйн нэгжүүд өмнөх шигээ өндөр зардал гаргалгүй, хүндрэл чирэгдэл багатайгаар цахим хэлбэрээр тендерт оролцох боломж бүрдэж байгаа ажээ.
Хамгийн гол нь \”тендер будлиантлаа, гадны нөлөө орлоо, танил талдаа асуудал шийдлээ” гэх зэрэг маргаан, хэл ам дагуулсан хувь хүний оролцоотой асуудал энэ системийг нэвтрүүлснээр бүрэн арилж байгаа гэнэ. Мөн тендерт оролцохын тулд аж ахуйн нэгжүүд хуурамчаар тендерийн материал бүрдүүлдэг явдал энэхүү систем нэвтэрснээр бүрэн халагджээ.
Худалдан авах ажиллагааны газрын хэрэгжүүлж байгаа энэхүү Цахим системийн хоёрдугаар үе шатыг Дэлхийн банкны шинжээчид өндөрөөр үнэлж, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк зэрэг Олон улсын банк санхүүгийн байгууллагууд манай улсад зээл тусламж, буцалтгүй тусламж бүтээн байгуулалтын ажлуудад оруулж байгаа хөрөнгө оруулалтын ажлаа энэ Цахим системээр дамжуулан явуулах саналтай байгаагаа илэрхийлжээ.
Худалдан авах ажиллагааны газраас Цахим систем нэвтрүүлж байгаатай холбогдуулан бэлтгэл ажлаа бүрэн хангаж, өнгөрсөн оноос эхлэн Захиалагч талууд буюу яамд, тамгын газрууд, нийслэл хот болон 21 аймгийн тамгын газрын мэрггэжилтнүүдэд цахим сургалтаа явуулж дуусан бол, тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдэд долоо хоног бүрийн пүрэв гарагт онлайнаар сургалт явуулж байгаа гэнэ.
Ийнхүү Худалдан авах ажиллагааны үйл явц цахим шинэ үе шатанд шилжснээр тендертэй холбоотой маргаан гарахааргүй болжээ.
Ц.Мөнх
Undesten.mn