УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж УИХ-ын нэр бүхий гишүүд болон Төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл төв талбайд жагсаал зохион байгуулж байна.
Гадаа хасах 20 гаруй хэмийн хүйтэн байна. Гэвч энэ хүйтнийг үл ажран олон хүн талбайд цуглажээ. Жагсаалд оролцож буй УИХ-ын гишүүд ээлж дараалан үг хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Л.Болд “Стратегийн ордуудыг МАНАН бүлэглэлийнхэн цөлмөөд дууслаа. Нийтдээ 15 орд бий. Үүний хоёрыг нь хоосолчихсон. Үлдсэн 13-ыг нь ард түмэндээ өгнө. Бид зорилгоо биелүүлснийхээ маргааш энэ 13 ордыг ард түмэндээ өгөх хууль гаргана. Хэрэв гаргаж чадахгүй бол Монголын ард түмэн биднийг ч хамт зайлуулах хэрэгтэй. Энэ бол 40 гишүүний амлалт. Бид үүнийг хийнэ” гэлээ.
Жагсаал зохион байгуулж буй гишүүд Төрийн ордонд орж УИХ-ын даргыг огцруулах шаардлагаа УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмонд гардуулан өглөө. Тэд УИХ-ын даргыг 72 цагийн дотор огцрохыг шаардаж байгаа ажээ. Хэрэв шаардлагыг хүлээж авахгүй бол ирэх нэгдүгээр сарын 10-нд дахин жагсаал зохион байгуулахаа мэдэгдлээ.