Монгол Улсад 47 орны 2000 гаруй цэргийн алба хаагч оролцсон \”Хааны эрэлд-2016\” олон улсын сургуулийн хаалт маргааш болно. Монгол Улсын Зэвсэгт хүчин нь Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран \”Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагыг 2003 оноос эхлэн хоёр талын сургууль хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2006 оноос олон улсын сургалт, дадлага болгон өргөжүүлснээр энэ жил 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулан ажиллаж байна.
\”Хааны эрэлд\” олон улсын сургууль нь Ази-Номхон далайн бүс нутгийн хэмжээнд улс орнуудын энхийг дэмжих ажиллагааны чадавх, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдсэн үндсэн арга хэмжээний нэг болж өргөжөөд байна. Сургуулийн гол зорилго нь Монгол Улсын Зэвсэгт хүчний болон оролцогч улсуудын бие бүрэлдэхүүний энхийг дэмжих ажиллагааны арга техникүүдэд сурган дадлагажуулах, Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхийг нэмэгдүүлж, сургуульд оролцогч орнуудын цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршдог.
Сургуулийн хүрээнд бригад, батальоны түвшний команд штабын сургууль, штабын дадлага сургалт, салааны түвшний тактикийн хээрийн сургууль, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны хүчин чармайлтыг сайжруулах олон талт сургалтууд, барилга болон эмнэлгийн мэргэжилтнүүдийн хамтарсан сургалт ажиллагааг тус тус зохион байгуулсанаар Зэвсэгт хүчний энхийг сахиулагчдыг сургаж бэлтгэж, олон улсын цэргийн эмч, барилгын мэргэжилтнүүд харилцан ажиллаж, туршлага солилцон, орон нутгийн ард иргэдэд хүмүүнлэгийн тусламжийн үйлчилгээ үзүүлдэг ач холбогдолтой юм.
Эх сурвалж: Батлан хамгаалах яам