МАН-ын дарга, Ерөнхий сайд асан С.Баяр, сэтгүүлч Б.Ганчимэгтэй хийсэн ярилцлага өнөөдөр мэдээллийн хэрэгслүүдээр цацагдлаа. С.Баяр хойд хөршид их сургууль төгсөж, тэнд Элчин сайдаар ажиллаж байсан орос школтой нэгэн.
Сэтгүүлч С.Баяраас \”Их өр гэж нэг сэдэв бий. Таныг ОХУ-д элчин сайд байхад энэ асуудал цэглэгдсэн. Гэтэл өнгөрсөн хавар М.Энхболдын айлчлалаар асуудал дахин хөндөгдлөө. Энэ яг яаж ойлгох ёстой сэдэв бэ” гэсэн асуултад тэрээр \”Их өр тэглэхдээ Монросцветмент гэх аж ахуйн нэгжтэй холбоотой асуудлыг тодорхой учир шалтгааны улмаас үлдээсэн байсан. Иймээс их өрийн асуудал өнгөрсөн хавар л бүрэн шийдэгдлээ. Оросууд их өрийн асуудлаар эцсийн шийдвэрээ гаргахдаа М.Энхболд даргын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалтай давхцуулсан нь тэдний бодлого, шийдэл. \”Михайлд нэг бодол бий\” гэдгээрээ л шийдэж байгаа нь харагдсан” хэмээн хариулжээ.
ОХУ-д төлөх \”Их өр”ийн асуудлыг эцэслэн шийдэхдээ МАН-ын дарга М.Энхболдын айлчлалтай давхцуулан Холбооны зөвлөлийн хуралдаанд оролцуулан шийдвэр гаргасан нь санамсаргүй хэрэг биш хэмээн судлаачид, тоймчид онцолж байсан. Энэхүү таамгийг ОХУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр дахин баталлаа. Сануулахад Монголын тал нийт төлбөрийн 97,8 хувийг төлөхгүй чөлөөлөгдөж, үлдсэн хэсгийг Засгийн газар төлснөөр дээрх асуудалд энэ оны хоёрдугаар сард бүрэн цэг тавьсан. Товчхон дүгнэн хэлэхэд, хойд хөрш Монгол Ардын Намд илүү итгэж байгаа ажээ.
Ж.Жаргал