ӨРӨМЧ. /ВВС/. Баримт бичгүүдээ бүрдүүлж, визийн хүсэлт гаргахын тулд ДНК-гийн шинжилгээ өгсөн байх, биологийн бусад мэдээллээ өгөхийг уйгур иргэдээс шаардах болжээ. Хятад улсын баруун хойд нутгийн Шинжаан Уйгурын ӨЗО-ны цагдаа нар ийм шаардлага тавьж байгаа аж.
Шинжааны хасгууд гадаад руу явах зөвшөөрөл авахынхаа өмнө ДНК-гийн шинжилгээ өгсөн байх ёстой ажээ.
Хятад улсын Засгийн газар хүчирхийллийг үндсээр нь устгахыг оролдож байгаа бөгөөд хүчирхийллийг өдөөж байна гэж лалын босогчдыг буруушааж байгаа юм.
Шинжааны лалын шашинтнууд \”биднийг ялгаварлан гадуурхаж байна” гээд \”биднийг гадагш зорчуулахгүйн тулд Хятадын эрх баригчид бичиг баримтыг маань өгөхөөс татгалздаг” хэмээн ярьж байна.
Шинжааны хүн амын 45 орчим хувийг эзэлдэг үндэстний цөөнх болох уйгурчуудын ихэнх нь лалын шашинтнууд юм. Сүүлийн жилүүдэд гарсан хүчирхийлэл, халдлагуудыг гадаадын терорист бүлэглэлүүдийн тусламжтайгаар Уйгурын терористууд үйлдсэн гэж Хятад улсын эрх баригчид үзэж байгаа юм. Харин Уйгурын удирдагчид үүнийг үгүйсгэсээр иржээ.
Уйгурчуудыг гадаад руу явахыг энэ сарын 1-нээс буюу лалын ариун Рамадан сар эхлэхийн яг өмнөхөн хязгаарлаж эхэлжээ.
Мөн Шинжааны төрийн албан хаагчид болон хүүхдүүд Рамадан сарын үеэр мацаг барихыг хориглосон байдаг аж.
Г.Доржханд
Эх сурвалж: \”Монцамэ” агентлаг