УИХ-ын сонгуулийн сурталчилгаа уг нь хууль ёсоор энэ сарын 11-нд эхлэх учиртай. Гэсэн ч улстөрчдийн хувьд хэдийнэ сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлчихэж. Нэр дэвшихээр горилж буй эрхмүүд малийтал инээсэн зургаа цахим ертөнцөөр цацаж, үс зүсээ гоёж, өнгө ч орсон гэж жигтэйхэн.
Уг нь хууль ёсоор бол өмнөх сонгуулиар НИТХ болон УИХ-д суусан эрхмүүд ажлын тайлангаа гаргах эрх нь нээлттэй. Харин горилогчдын хувьд амнаас унасан үг болгон нь эргээд өөрт нь асуудал үүсгэнэ гэдгийг мэдэж баймаарсан. Тэгвэл бүр зарим нэр дэвшигчид өнөө жилийн сонгуулийг баяр наадамтай хольж хутгачихаад манарч яваа дуулдана. Арга ч үгүй.
Дуучин жүжигчин, яруу найрагч гээд шид нь бүрдсэн хүмүүс нэр дэвшиж буй учраас аймгийн Засаг ноён юунаас дутах билээ өнөө жилийн сонгуулийн наадам хэлбэрээр хийхээр болсон гэх яриа нутгаар нь тархаж орхижээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат сонгуулийн сурталчилгааны ажилдаа хэдийнэ орж, тойргийнхоо сумдад том том асар мөнгөөр зодоод барьж эхэлж гэнэ шүү.
Мань нөхрийн наадмын асараас ч үнэтэй энэхүү асрыг Гацуурт компани нийлүүлж байгаа гэсэн яриа нутгийн иргэдийн дунд гарах болж, бүр Гацууртаас авсан энэ асар газрыг маань өгсөний үнэд ирэв үү гэсэн хардлага хүртэл дэгдсэн сурагтай.
Гацуурт компани Сэлэнгэ аймагт сүүлийн дөрвөн жилд хэдэн зуун га газрыг л ашиглаж, юу дуртайгаа тарьж хураах болсон. Тиймдээ ч аймгийн Засаг ноёныхоо их мөнгөөр зодсон сурталчилгааны хөрөнгийн санхүүжүүлэгч нь арай Гацуурт юм биш биз гэх яриа хүртэл гарсан гэнэ шүү. Юутай ч өнөө жилийн сонгуулиар С.Бүрэнбат тун ч мөнгөлөг байна. Наадмын асраар гоёж, нүнжигтэй гэгч нь сурталчилгаагаа эхлүүлж буй эрхэм Засаг ноён иргэдийнхээ саналыг арай мөнгөөр худалдаж авна гэж санаагүй байлтай. Ийм бодолтой яваа бол эртхэн зүүднээсээ сэрсэн нь дээр гэж зөвлөе.
Б.Эрхэс