Долоон буудлын уулзвараас Чингэлтэйн эцсийн буудал хүртэлх 3,3км авто замын хөдөлгөөнийг нээх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Уг зам нь ашиглалтад ороод 30-40 жил болж буй, дээрх хугацаанаас хойш их засварт ороогүйгээс авто замын зорчих хэсэг нь бүтцийн эвдрэлд орж, замын тэгш байдал алдагдаж, ашиглалтын шаардлага хангахгүй болсон зам байсан юм. Тодруулбал, 7 буудлын уулзвараас Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо хүртэлх 1.5 км авто замыг 1973 онд, үүнээс цааш Микроны эцсийн буудал хүртэлх 1.8км авто замыг 1985 онд ашиглалтад оруулж байжээ. Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, НИТХ-ын төлөөлөгч Л.Наранбаатар, гүйцэтгэгч компанийнхан болон Чингэлтэй дүүргийн 17,18 дугаар хорооны иргэд оролцлоо.