Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай, Ё.Гэрэлчулуун, Д.Оюунжаргал, Т.Гэрэлт-Од, А.Гантулга, Ш.Ганхуяг нарт холбогдох хэргийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг болох товтой байлаа. Гэвч урьдчилсан хэлэлцүүлэг хийх хүсэлт гаргасан өмгөөлөгч А.Ариунаа шүүх хуралдаа ирсэнгүй. Иймээс шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгийг 2019 он хоёрдугаар сарын 11-ний өдөр хийхээр товлолоо.
Түүний хэргийг сануулахад, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч байхдаа Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ашиглаж ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг дарамтлан, Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгох зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгаглаж эхэлсэн юм. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэрэгт аав, хүү хоёрыг яллагдагчаар татсан билээ.
Шүүх танхимаас гарч явсан Э.Бат-Үүл: “Буруутгаж буй үндэслэлийн тухайд би ямар ч гэм буруутай үйлдэл хийгээгүй. Үүнийгээ шүүхэд нотолно. Шүүхээс үндсэн хуулиар олгогдсон шударгаар шүүгдэх эрхийг минь хангана гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.