Өмнөговь аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчлөл ихээхэн газар авсан байна. Үүний улмаас хэвтэн эмчлүүлэгчдээс H1N1-ийн халдвараар 50 настай нэг хүн нас барсан тохиолдол өчигдөр гарчээ. Мөн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгчдээс хоёр хүүхэд маш хүнд, долоон хүүхэд хүнд байгаа гэнэ. Энэхүү өвчлөл нь даамжирснаар хатгалгаа, менингит, H1N1 вирусын халдвар авч байгааг эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ.
Хэвтэн эмчлүүлэгч арван хүний 18 сорьц шинжилгээг ХӨСҮТ-д явуулснаас томуугийн H1N1 вирус илэрсэн байна. Тиймээс аймгийн Онцгой комисс хуралдаж, эмнэлэгийн байгууллагад хэрэгцээтэй эм, тариа, багаж тоног төхөөрөмж, хүний нөөц, эмнэлгийн ажилчдын илүү цагийн ажлын хөлс мөнгийг аймгийн Засаг даргын нөөцөөс шийдвэрлэхээр болов. Мөн олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг хориглосон шийдвэрийг гаргажээ.