\”Зорчигч тээврийн нэгтгэл\” ОНӨААТҮГ-аас \”хууль бусаар халагдсан\” гэх хүмүүс хуулийн байгууллагад хандсан талаараа мэдээлэл хийлээ. \”Зорчигч тээврийн нэгтгэл\” ОНӨААТҮГ-ын захирал Ц.Одонтунгалагийн эсрэг хууль бусаар халагдсан гэх 370 ажилчин Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ханджээ.
Энэ талаар тус газрын Үйлдвэрчний эвлэлийн дарга Н.Төрбат \”Ардчилсан намаас Баянгол дүүрэг /НИТХ/-т нэр дэвшиж сонгогдсон НИТХ-ын тэргүүлэгч Ц.Энхцэнгэл, Ц.Одонтунгалаг нар нь манай байгууллагын ҮЭ-ийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож ҮЭ-ийн тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиудыг удаа дараа ноцтой зөрчсөнийг хууль хяналт, шүүхийн байгууллага тогтоосон. Ц.Одонтунгалаг нь 2013 оны хоёрдугаар сарын цалингаас Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын татварыг хуульд заасан хэмжээнээс илүү хувиар суутган авсан байдаг. Мэргэжлийн хяналтын байгууллагын тогтоосноор нийт ажилчдаас 6-9 орчим сая төгрөг илүү суутган авсан байна. Ажлын хариуцлага алдсан эдгээр албан тушаалтнууддаа арга хэмжээ авч хариуцлага тооцохгүй толгойг нь илсээр байна. Мөн ажилчдын цалин, ээлжийн амралтын хоног, мөнгө дутуу олгодог, хууль бусаар түлшний суутгал хийж байсан нь Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогдсон нь энэ хүнийг байгууллага удирдах чадваргүй гэдгийг харуулж байна. Тиймээс асуудлыг шийдвэрлэж хууль бусаар халагдсан ажилчдыг эргүүлэн ажлын байртай болгох ёстой\” гэлээ.