Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Монел баруун Алтан-Өлгийд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга ашиглалтад орж, нээлтээ хийлээ. Уг арга хэмжээд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл болон бусад холбогдох албаны хүмүүс, иргэд оролцов.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл \”2013 онд нийслэлийн ИТХ-аас боловсролын байгуулагын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 83 байршилд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга барихаар төлөвлөсөн. Эхний ээлжинд 16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг хороондоо сургууль, цэцэрлэггүй байгаа газар барьж эхэлсэн. Монел Алтан-Өлгий орчимд үүнтэй нийлээд хоёр цогцолбор барилга ашиглалтад орж байна. Энд суралцах гэж байгаа хүүхдүүдийнхээ тав тухай орчныг бүрдүүлэх зорилгоор эргэн тойрон дахь замыг засварлаж байгаа юм” гэлээ.
Нийслэлийн хэмжээнд сүүлийн жилүүдэд бага сургуулийн хүүхдүүдийг гэрийнх нь ойролцоо сургуульд хамран сургах, цэцэрлэгийн хүүхдүүдийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг эрчимтэй барьж эхэлсэн. Баянзүрх дүүрэгт сүүлийн гурван жилд гурван бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орж байгаа бөгөөд үүний нэг нь Монел баруун Алтан-Өлгийн 137 дугаар бага сургууль, 212 дугаар цэцэрлэг юм. Бага сургууль нь 180, цэцэрлэг нь 120 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Мөн стандартын спорт, урлаг заал, цайны газар гэхчилэн гадна, дотно тохижилтыг бүрэн шийджээ. Албан ёсоор 08 сарын 20-нд бүртгэлээ эхлүүлж, 09 сарын 01-нээс хичээллэж эхлэх юм.
Хамран сургах тойрог:
- Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан-Өлгийн 4,5 дугаар хэсгийн 13-20 дугаар гудамж
- Баруун Алтан-Өлгийн 1-4 дүгээр хэсгийн 21-37 дугаар гудамж
- Бунхан 1-4 дүгээр гудамж
- Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын 11-13 дугаар хэсгийн 32-53 дугаар гудамжны хүүхдүүд энэхүү сургууль, цэцэрлэгт хамрагдана