2016 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын
11-ний өдрийн 00.00 цагаас албан ёсоор эхэллээ. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд
12 нам, гурван эвслийн 429 нэр дэвшигч, 69 бие даагч нийт 498 хүн өрсөлдөхөөр
болж, СЕХ-ноос батламж, нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан аваад байгаа билээ.
УИХ-ын сонгуульд 369 эрэгтэй, 129 эмэгтэй нэр дэвшинэ. Мөн нийт нэр
дэвшигчдийн 215 нь орон нутагт, 283 нь Нийслэлийн тойргуудад өрсөлдөхөөр болсон
юм.
Намаар авч үзвэл МАН-76, АН-76, ИЗНН-15, МАХН-71, МУНН-11, Хаан сонголт эвсэл-9, БНН-36, Иргэний хөдөлгөөний нам-27, Эх орончдын нэгдсэн эвсэл-9, Ард түмнээ хайрлая нам-13 нэр дэвшигч
гэхчилэн бусад намыг оролцуулаад 498 нэр дэвшигч УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр
болж байна.
Тэгвэл намууд сонгуулийн сурталчилгааны нээлтээ өнөөдөр морин цагт
эхлүүлэхээр болоод байна. Тухайлбал, Монгол Ардын нам намын төв байр болох \”Тусгаар
тогтнолын ордон”-ы өмнө 11:40 цагт эхлүүлэхээр боллоо. Монгол Ардын Хувьсгалт
намын хувьд яг одоо Хан-Уул дүүрэгт сонгуулийн сурталчилгааныхаа нээлтийг хийж байна.
Нийслэлийн Ардчилсан намын сонгуулийн сурталчилгааны нээлт яг одоо Бөхийн
өргөөний өмнөх талбайд эхэлж байна.
Сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс хоёр долоо хоног гаруйн хугацаанд
үргэлжилж, зургаадугаар сарын 27-ны өдрийн 00.00 цагт хаагдах юм. Энэ хугацаанд
намууд, нэр дэвшигчдийг хуулиа сахиж, элдэв гүтгэлэг мэдээлэл тараалгүйгээр,
шударга сайхан өрсөлдөнө гэдэгт найдаж байна. Мөн элдэв хачир чимэгтэй, ганган
тансаг сурталчилгаанд манай иргэд, сонгогчид хуурахгүй, улс орон, ард
иргэдийнхээ төлөө ажиллаж чадах хүнийг сонгож, өөрийн төлөөлөл болгох тэр
мэргэн сонголтоо аль эрт хийчихсэн гэж итгэж байна.
А.Аюуш