Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий архитектор О.Одбаярт албан бичиг хүргүүлжээ.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны оршин суугчаас Авлигатай тэмцэх газарт ирүүлсэн гомдлын мөрөөр хяналт шалгалт хийсэн байна. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Газар барилгажилтын зөвлөл нь үүсээд байсан нөхцөл байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоолгүйгээр \”ДМК” ЗГБХН /зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл/-д барилга барих зөвшөөрөл олгож, дэмжсэн шийдвэр гаргасан нь бусдад давуу байдал олгосон болохыг АТГ-аас тогтоосон байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал бий болгосон гэж АТГ үзжээ.
Иймд Авлигын эсрэг хуулийн 18.4.2-т заасныг үндэслэн \”ДМК” нөхөрлөлд давуу байдал бий болгосон, олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдлыг үүсгэсэн Газар барилгажилтын зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгосон байна. Цаашид өмнөх хурлуудаар хэлэлцэх үед дурдагдсан зөрчлүүдийг арилгасны дараа дахин шийдвэр гаргах нь зүйтэй болохыг тогтоожээ.