Өчигдөр орой 19.00 цагийн үед “Булган” дэд станцийн 110кв-ийн шугам тасарч Хөвсгөл, Завхан аймгууд хүчдэлгүй болсон байна. Мөн “Тайшир”-ын усан цахилгаан станц төвийн бүсийн нэгдсэн системээс тусдаа гарснаар Говь-Алтай аймгийн төв л хүчдэлтэй байсан юм.
Энэ гэмтлийн шалтгааныг тодруулахад газардлагын хамгаалалтаар тасарсан байсан байна. Булган-Мөрөнгийн агаарын шугамд хоёр талаас нь үзлэг хийхэд Хөвсгөл аймгийн 17, Завхан аймгийн 12, Говь-Алтай аймгийн 4 сум тус тус хүчдэлгүй болсон нь тогтоогджээ.
Шөнө 03.23 цагт Булган-Мөрөн, 03.29 цагт Мөрөн-Тэлмэн агаарын шугамыг засварлаж Завхан аймгийг хүчдэлд холбосон байна. Харин “Тайшир”-ын УЦС-ыг 04.35 цагт төвийн бүсийн нэгдсэн системд холбон ажиллагаанд оруулж аймгуудыг хүчдэлд холбож дуусчээ.