Балба улсын зүүн зах Таплежун гэх газар нисдэг тэрэг осолджээ. Ослын улмаас нисдэг тэргэнд байсан долоон хүн бүгд нас барсан байна. Эдгээр хүмүүсийн дунд Балба улсын Аялал жуулчлалын сайд Рабиндра Адикар байсан гэх мэдээлэл байна. Тэрээр яамныхаа ажлаар албаны хүмүүстэй явж шинэ нисэх онгоцны буудлын барилгын явцтай танилцаад нийслэл Катманду хот уруу явж байжээ.
Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар үзэгдэх орчин хязгаарлагдмал байснаас нисгэгч тэнцвэрээ алдсан байж магадгүй гэж дүгнэсэн байна. Осол гарах үед цас их орж , манантай байснаас үзэгдэх орчин хязгаарлагдсан байж магадгүй. Ослын газар аврагчид ажиллаж байгаа бөгөөд хохирогчдын цогцсыг гүйцэт олсон байна.